Thursday, October 05, 2006

Испани орон - Porcelain

Porcelain - гэдгийг шаазан гэж уг нь орчуулж болох байх. Гэтэл шаазан гэчихээр манайханд хятад шаазан толгойд нь буугаад байх байх гээд зориуд порселен гэж бичлээ.

Улс болгонд очиж ирээд хүнд онцолж ярих нэг юм байдаг бол Дани улсаас "Royal Copenhagen"-г хэлэх байсан байх. Энэ нь дэлхийн хамгийн алдартай шаазангийн брэндийн нэг, ур хийц өнгө будгаараа үнэхээр гайхагдсан энгийн нэг шаазан гэхээсээ урлагын бүтээл гэж тооцогдох болсон эд байгаа юм. Дэлгүүрүүд нь дэлгүүр гэхээсээ музей гэмээр... Үнэ гэвэл мэдээж үнэтэй, алганд багтах муурын зулзага гэхэд 80Eвро-гоос эхлэх байх шүү.

Валенсиад ирээд энд тэндэхийн юм сониучирхан харж байтал эдний "LLadro" гээд үндэсний порселен үйлдвэрлэгчийн үйлдвэр нь ч, төв нь ч Валенсиад байдгыг олж мэдлээ. Дэлгүүр нь яг хотын төвд, Plaza Ayuntamento орох замд байдаг юм байна. "Royal Copenhagen"-г ур хийц, өнгө үзэмжийн хувьд гүйцэхгүй ч их сайхан шаазан барималууд байна. Эмэгтэй хүн, эх үр, охидуудын гоо сайхныг илүүтэйгээр дүрсэлж харуулсан санагдсан. Намирсан үс, салхинд хийссэн хормой нэг л уянгалаг... энэ бүхнийг хийхэд ур хийц шаардсан нь мэдээж.

Бас нэг сонирхолтой, урьд нь харж байгаагүй зүйл гэвэл огт лак түрхээгүй шаазан эдлэлүүд байна. Ийм байдлаар хийсэн хүний баримлууд илүү амьд бодитой харагдаж байлаа. Лакгүй мөртлөө негр эмэгтэйн хүрэн бор шаазан баримал бүр ч илүү бодитой харагдана.

Надад хамгийн их таалагдсан баримал бол бяцхан хүүгээ гэдсэн дээрээ суулгаад эрхлүүлж байгаа ээж... Үс нь намирсан, агаарт хөвөж яваа маягтай зохиомжлогдсон байдалтай байлаа...

Испани орон - Ресторан

Хуралд оролцогсдын үдэлтийн зоог Baленсиагийн L'Oceonografic гээд далайн музейн ресторанд боллоо. Мэдээж энэ оройн хоол далайн хоол голлосон байх нь эргэлзээгүй. Өвөрмөц дизайнтай шилэн барилгад, өвөрмөц шийдэлтэй мөөгөн гэрлээр чимсэн дугуй зааланд ширээнүүдийг 10, 10 хүн суухаар засжээ. Үйлчлэгч нар нь их залуухан 20 дөнгөж гарч байгаа, дээр нь их сайхан бие бялдартай юм. Энэ талаар Баяраа бид хоёр дурдаад амжив. Бас нэг анзаарагдсан зүйл бол үйлчилгээний салбарын хүмүүс бүгд нилэнхүйдээ хар хувцас(хар өмд, цамц. энэ удаад харин урт хар хормогчтой байлаа) өмссөн нь цаанаа нэг цэмцгэр харагдуулж байлаа.

Оройн хоол мах голлосон, салатгүй(гайхалтай!!!), махны хачиранд нь ч салат байхгүй, виногоор даруулсан хоол байлаа. Хоолны эхэнд салатны оронд сармисаар амталсан загасны нухаш, дараа нь жигнэж шарсан загасны мах(shrimp хачиртай) цагаан виноны хамт, дараа нь мөөгний соустай үхрийн жигнэсэн мах улаан виноны хамт ирлээ. За ингээд ямар ч ногоогүй нэг оройн хоол идлээ. Хамгийн сүүлд desert болгож чихрийн хөөс ирсэн... Энэ нь Испанийн "meibutsu" бололтой.

Хоолны туршид нэг анзаарагдсан зүйл гэвэл "Lady FIRST!" гэдэг зарчмыг ягштал баримталдаг бололтой. Манай ширээнд би ганцаараа эмэгтэй байсан, бүх хоол мөн виног хундагалахдаа надаас эхэлж байсан нь нэг тийм үүрэг хариуцлагыг ноогдуулаад байх шиг сэтгэгдэл төрж байлаа. Манайд харин "Lady FIRST!" гэсэн зарчим ёстой байдаггүйн байна гэж саяхныг хүртэл бодож байсан үгүй юм байна лээ шүү. Украйн хоолны газар эмэгтэйгээс нь эхэлж хоолыг тарааж байх шиг санагдсан, би андуураагүй бол... Та бүгд очоод нэг үзээрэй, үнэхээр тийм ч байж болох.

Испани орон - Ус

Испанид мэдээж крантнаас ус уухгүй. Савтай цэвэр ус хэрэглэнэ. Савтай цэвэр ус нь ч гэхдээ нэг л сонин амттай юм. Савтай уснууд уг нь сайхан л амттай байдаг даа. Хойд Европын орнуудад ч гэсэн, Японд ч гэсэн уухад сайхан л санагдаж байсан. Гэтэл эдний ус буцалгаад хонуулчихсан ус шиг үлбэгэр амттай, уугаад амны цангаа тайлагдахгүй, дээр нь гэдэс дүүргээд байх юм. Баяраагийн хэлснээр хамаг учир "Испанид ус авчихаар өндөр уул байхгүй"-д байгаа бололтой.

Испани орон - Хоол хvнс

Валенсиад ирээд эндхийн El Corte Ingles гээд сүлжээ дэлгүүрийн хамгийн дээд давхарт байрлах food court-д анхны оройн хоолоо идсэн. Испани пизза их өөр юмаа, сүүлд Барселонд идсэн пизза ч мөн адил. Пиззаны гурил нь нимгэн хатуу гамбир шиг, дээрх хачир нь бага, бяслаг нь франц бяслаг лав биш испаний өөрийн нь цагаан бяслаг байдаг юм байна. Монголд иддэг пизза шиг бяслаг нь зунгааралдаад сунана гэж бодсон... Гэхдээ л маш амттай байсан шүү...

Espana орон хоол ундны төрөл зүйлээр хачин элбэг газар юм. Газар Дундын тэнгисийн самар жимс, ногоон дээр далайн баялаг cousine-г нэмчихээр юу болохов дээ... Миний л үзсэний хирээр харьцуулж зүйрлэвэл Turkey + Japan, нэг ийм л хоолтой газар юм. Ялангуяа baella, Испаний үндэсний хоол гэж байгаа. Нарийн ажиглах юм бол арабууд хавтгай хайруулын тавган дээр будааг тостой хуурч жигнэж иддэг, тэр л яг мөн санагдаад байх юм. Жаахан ялгаатай нь гэвэл соусаар хачирлаж, далайн амьтад нэмсэн байна.

Испанууд ер нь далайн амьтдыг нугасгүй их идэх юм. crab, shrimp, squid-г хамгийн их хэрэглэдэг юм байна. Ресторануудад нь "squid in butter" гэж menu-д нь харагдсан, бас crab-тай пизза гэж байгаа... ёстой сонин байгаа биз. Харин ногооны салат их байгаа байх гэж бодсон алга байна. Грек салатны бяслаг нь гэж жигтэйхэн их. Монголын ресторануудад грек салат гэхээр шар бяслаг зорж тавиад байдаг бол энд зөөлөн цагаан бяслаг хийдэг нь их ялгаатай санагдлаа. Манайд угаасаа зөөлөн цагаан бяслаг хайгаад олддоггүй болохоор(Nomin, Sky-д зардаг германаас оруулж ирсэн, хугацаа нь бараг дууссан бяслагыг эс тооцвол) шар бяслаг хийдэг юм болвуу... аль нь жинхэнэ грек салат юм бол... Бяслагны салат гээд захиад орхисон 2,3-хан улаан лоольтой таваг дүүрэн цагаан бяслаг хүрээд ирснийг бодоход ногооны салат ч иддэггүй улс бололтойдог.

Bazaar - Нөхрийн маань япон багш зах л орж үзмээр байна гэсний дагуу "Avenda Maria Christina"-д байрлах захаар орлоо. Захын барилга нилээд хуучных болох нь гаднаас нь харахад л илт. Хараад байсан Стамбулын сүмүүдтэй их төстэй, пөмбөгөр оройтой, гаднах хана нь Ottoman-ы үеийн цэцэг жимсэн хээтэй, нэг л тийм лалын сүмийг санагдуулам... Тэгсэн Испани ер нь арабуудад эзлэгдэж байсан шиг санагдаад явчихлаа... Хэрэв тийм бол арабын соёлоос үлдэх нь аргагүй. Espana урагшаа Моrocco-той усаар хиллэдэг, тэндээс энд ирж суурьшсан, ажил хийдэг пакистанууд(Цена эгч л тэгэж хэлсэн шүү, миний харахад арабууд ч юм шиг) Барселоны зарим дүүрэгт мэдэгдэхүйц их юм байна лээ. Зарим хаяг, бие засах өрөөний хаягыг арабаар биччихсэн байхад "яагаад вэ?" гэж гайхаж байсан ийм учиртай байх нь... За захруугаа эргээд оръё.

Зах нь гэж нүд эрээлжилсэн олон янзын зүйл нэг дор байна. Нүдэнд туссан сонин зүйл гэвэл улаан лооль гэж хэдэн янз байнаа... Томоос жижиг хүртлээ наян сортын улаан лооль байна. Дээр нь загас, далайн амьтны төрөл зүйлийг яривал япончуудыг давнуу гэхээс ер дутахгүй нь. Японд зах гэж байдаггүйдээ ч тэр юмуу, Японд харж байгаагүй олон төрлийн далайн амьтад, загас эгнүүлэн тавьсан харагдана. Мэдэхээс squid, shrimp, crab, octopus, загаснаас salmon... Жирийн жуулчин миний нүдэнд ингэж тусаж байгааг бодоход өдөр тутмынхаа хэрэглээнд өргөн хэрэглэдэг бололтой. Бас гахайн бүтнээр утсан гуя өлгөсөн харагдана. Бас нэг дурдахгүй байж болохгүй зүйл бол яах аргагүй олив байна. Түрк шиг өөрсдөө олив тарьдаг болоод ч тийм байх ногоон, хар олив төрөл төрлөөрөө байна.