Saturday, September 16, 2006

Испани орон - Валенсиа

Валенсиа санасныг бодоход жижигхэн хот байлаа. Жижигхэн хэдий ч үүх түүх ихтэй, Испанидаа 3-т ордог чухал хот юм. Хот дотор хаашаа ч явсан алхаад явахад нэг их ядрахгүй яг сайхан таараад байна. Хүмүүс нь нэг л сайхан тайван, тэр чигээрээ амралтын газар гэмээр. Хотын төвийн хуучны сүм, хуучны барилгуудтай газраа гудамж нь их нарийхан, байшингууд хоорондоо дэндүү ойрхон баригдсаныг харахад Стамбулын гудамжууд санаанд орж байлаа. Хотын төвөөс жаахан зайдуу болоод ирэхээр өргөн өргөн сайхан гудамжуудтай юм.

Валенсиагийн хамгийн чухал хэсэг бол яах аргагүй "Antiguo Cauce del Rio Turia" парк. Голын хөндийг парк болгосон нь нэг бодлын арай сэрүүн, нэг бодлын хотын машин тэрэг, дуу чимээнээс тусгаарлагдсан тийм нэг тайван орчныг бүрдүүлж байлаа.

Нөхрийн маань оролцох хурал Valencia Polytechnic University болох байсан тул нэг өдрийг тэнд өнгөрөөв. Сонирхолтой зарим нэг илтгэлд сууж, сургуулийн кампусаар жаал алхсан. Далай үнэртээд л... далай их ойрхон байгаа бололтой. Valencia Polytech.U. их том кампустай, хөл бөмбөгийн стадиум, теннисний талбай, номын сан, кафетериа, оюутны байр, хичээлийн байрууд гээд л америк маягын сургуульд байх бүх юм байна. Гэхдээ гол нь... байрууд нь өнгө хэлбэр дизайн сайтай, шат нь гаднаа байлаа гэхэд л гоё шийдэлтэй юм. Энд залуучууд нь scooter, motocycle их унасан харагдана.

Нээрээ нэг гайхалтай нь гудамжний 2 талаар, замын голоор дандаа дал мод тарьсан нь аргагүй л халуун газар юм даа гэж бодогдохоор. Энд өдөртөө +30-35C, оройдоо +25-28C байна. Үнэхээр халуун газар юмаа...

Залуучууд, хүүхдүүд - Залуучууд нь хичнээн сайхан бие хаатай, арьс нь өөгүй цэвэрхэн, зүгээр нэг борлуулсан биш алтан шаргал өнгөтэй, эсвэл жүржийн өнгөтэй ч юм шиг нэг тийм гоё арьстай юм. Европоор л дүүрэн наранд борлосон арьстай хүмүүс байхад Испаничууд илүү гоё харагдах нь юундаа юм бол... Испанийн нар далай хоёрт л учир байх шиг байна.

Хүүхдүүд нь харин нэг л өхөөрдөм хөөрхөн харагдаад байсан нь юуных юм бол гэж бодоод байсан булцгар, буржгар алтлаг үстэй, бас их цоглог чанга дуутайгийнх байх. Гудамжиндаа эсвэл ойролцоох тоглоомын талбайд хүүхдүүд багшран шуугилдах нь монголд байгаа шиг сэтгэлд дотно, тайван мэдрэмж төрүүлнэ. Эндэхийн хүүхдүүд инээсэн ч, уйлсан ч хүүхэд шиг цоглог дуутай юм. Япон ээж аав нар шиг тэгэж ч болохгүй, ингэж ч болохгүй гэж загнах хүн ер харагдахгүй...

Автозам, гэрлэн дохио - Bаленсиад гэрлэн дохиог тоодог явган зорчигч гэж алга. Машины зай завсар харж байгаад л улаан гэрлээр гүйгээд гарчих нь манайхантай төстэй. Ногоон гэрэл асчихсан байхад гарцаар гарах явган зорчигчдийн сиймхийгээр яваад өнгөрөх машинууд ч байна.

Түүх дурсгал - Хотын төв талбай "Plaza de la Ayuntamento"-р дээш өгсөн "Plaza de la Reina"="Queen's square" орж болно. Энэ хэсэг Валенсиагийн хамгийн төв хэсэг. Энд "Conjinto Catedralia", "Iglesia y torre de Santa Catalina" гэх 2 сүмийг заавал үзээрэй. Сүмийн ард "Plaza de la Virgen" гээд усан оргилууртай талбай байна. Энэ лав Bаленсиагийн хамгийн гоё талбай байх. Энэ талбайд цагаан тагтаа их цуглах юм билээ.

Испани орон - Барселонд газардав хийгээд анхны сэтгэгдэл

Spain, Barcelona - энэ 2 нэр саяхан болтол санаанд оромгүй хол сонсогдож байлаа. Гэр бүлийн маань хүн Valencia(Мадрид, Барселоны дараа орох Испаний 3 дахь том хот)-д хуралд оролцох болсноор энэ сайхан оронд хөл тавих боломж надад олдсон юм. Магадгүй та бүхэн энэ орны талаарх тоо баримт, үүх түүхийг жуулчдад зориулсан ном, интернетээс хангалттай ихээр олж мэдэж болох л доо. Ямар ч номон дээр дурдаагүй, монгол хүний нүдээр, тийм нэг Испани орныг та бүхэнд хүргэе гэсэн сэтгэлээр хувийн тэмдэглэлээсээ толилуулж байна...

Aeroflot-н онгоц үдшийн 23:30-д Barcelona Airport-д газардлаа. Цааш Valencia орохын тулд хот хоорондын автобус эсвэл галт тэргээр явна. Миний хувьд онгоц дэндүү орой буусан тул аль алиных нь сүүлчийн унаанд амжихааргүй байлаа. Шөнийн автобус хамгийн сүүлийнх нь 23:59-с хотын төвөөс, харин галт тэрэг 22:00-с байсан санагдаж байна. Хэрэв танд хуваарь нь хэрэгтэй бол галт тэрэгнийх www.renfe.es, харин мужаасаа хамааран хот хоорондын автобусны үйлчилгээ үзүүлдэг компаниуд нь өөр өөр байдаг юм билээ, Tarragona, Valencia орох бол ALSA компаний www.alsa.es хуудсаар зочлоорой.

Миний хувьд тэр шөнийг онгоцны буудал дээр өнгөрөөгөөд эхний метрогоор хот орж тэндээс галт тэргэнд суух байлаа. Ойролцоох хот Таrragona-д сурдаг танил эгч маань хэрэг гаргаж намайг тосохоор ирсэн байсан болохоор монголын сонин хуучилсаар шөнийг амархан өнгөрөөв. Тэр эгч маань намайг газарчилж галт тэргэнд суулгаж өгсөн. Сүүлд буцахдаа Барселонд 2 хонохдоо унааны учрыг сайн ойлгож авсан. Барселоны галт тэрэгний төв буудлыг Barcelona Sants гэх бөгөөд хот хоорондын бүх галт тэрэг энд зогсохоос гадна, хот дотрох метроны хэд хэдэн шугам дайран өнгөрнө. Харин хот хоорондын автобусны төв буудлыг Estacio de Nord гэх ба метрогоор очихдоо Line1 буюу улаан шугамд суун Arc de Triomf буудал дээр бууна. За энэ 2-г мэдэж байхад л Барселоноор дамжин өнгөрөхөд алзахгүй боллоо.

Испани ер нь халуун газар юм. Анх буугаад цаг агаар нь дулаахан, airport нь сэтгэлд дотно, хүүхнүүд нь өнгөлөг гоё, Испани орон надад таалагдаж эхэлсэн. Энд англиар ярьдаг хүн гэж алга. Англи хэл сурах шаардлага ч байдаггүй бололтой. Бүтээгдэхүүний сав баглаа боодол, тээврийн хаяг, буудал, гудамж талбай ер нь хаана ч англи үг ганц ч алга. Бас өөр нэг нүдэнд туссан зүйл бол хүүхнүүд нь их эмэгтэйлэг, өнгөлөг гоё хувцаслах юм. Бас бие хаа нь ч аятайхан, бэлхүүсээрээ нарийхан, үс гэзэг гоо сайхандаа нилээд анхаардаг бололтой. 3 жилийн өмнө Герман орноор явахдаа хүүхнүүдийнх нь энгийн даруухныг гайхаж билээ. Тэдэнтэй харьцуулахад испани хүүхнүүд аргагүй л ганган юмаа...

Испани юугаараа алдартай вэ? гэж Цена эгчээс асуусан "Хувцасны дизайнаараа" гэж хэлж билээ. Нээрээ ч Европд алдартай ZARA, Mango бүгд Испанийх юм байна. Ер нь одоо бодоод байхад Испани улс бүх төрлийн дизайн, уран барилга, урлагаараа хол тасархай хөгжсөн газар юм. Валенсиагийн барилгууд, зочид буудал..., Барселоний ч мөн адил барилгууд, шидэт усан оргилуур...

Thursday, September 14, 2006

Миний блогт тавтай морилно уу

Анх 10 настайдаа аавынхаа ажлын газрынхантай Хэнтий аймгийн "Гурван Нуур"-руу хэд хоногоор автобус аялалаар явсан юм. Тэр миний хамгийн анхны аялал байлаа. Аав маань өдөр тутамд тохиолдсон аялалынхаа сонин хачныг(би л тэгэж боддог байсан, магадгүй хээр гараад бодсон бодол эргэцүүлэл ч байж болох юм) нэг дэвтэр дээр бичиж харагддагсан. Анх намайг авч явахдаа "аялалынхаа тухай тэмдэглэл хөтлөнө гэсэн тохиолдолд л дагуулж явна шүү" гэж билээ. Мэдээж аав намайг дагуулаад л явна. Хүүхдийн гэнэн зангаар үүнийг би мэдэж байсан. Тэмдэглэлээ харин бичээгүй юм даа. Бага байсан болохоор бичсэн бичээгүй би бүх зүйлсийг тодоос тод санадаг. Онон гол дээгүүр бирвазаар гарсан, Дадал суманд очоод 3 нуурт сэлсэн хийгээд, хамт явсан хүмүүсийн яриа, байгалын сайхан, ургамал ус бүгдийг тодоос тод санадаг. Гэхдээ аавын маань хэлсэн үг санаанаас гараагүй. Аялалд явсан мөртлөө тэмдэглэл бичээгүй минь ер мартагддагүй... тэгээд л би өдрийн тэмдэглэл бичдэг болсон. Яваа яваандаа хол газар явахдаа аяны тэмдэглэл бичдэг болсон доо. Тэгээд хол газрын сонин сайханаа хуваалцья, миний олж мэдсэн зүйлс хэн нэгэнд нь шинэ санаа болж магадгүй гэж бодоод аян замын тэмдэглэлээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Зарим газар дэндүү нурших, өөрийн бодлыг тулгах зэрэг тал байвал өршөөгөөрэй.