Tuesday, April 20, 2010

Токио - Камакура


Токиод амьдрах болсноосоо хойш явсан анхны аялал, аялалын төлөвлөгөөтэй, хөтлөгчтэй, хамт олонтой тийм нэг аялалд оролцсон хэрэг.

Очсон газар маань Камакура. Токиод маш ойрхон(галт тэрэгээр ойролцоогоор 1цаг), цомхон, гэхдээ сонирхолтой, бас далайтай, нэг өдрийн аялалд яг л тохирсон газар байна.

Хотын дундуураа ганц том гол замтай, замын хоёр талаар дэлгүүр хоршоо, ресторанууд байрлана. Энэ зам ойролцоох уулын энгэрт байрлах 八幡宮/Hachimangu сүмээс эхлэн далайн эрэг хүртэл үргэлжилээд, тэндээсээ эргээ дагаад хоёр тийш салах юм. Далайн эргийн элсэн дээр жижиг модон завьнууд харагдана лээ. Эргээс жаахан алсад surfing хийж байгаа хүмүүс, моторт завьнууд, бүр цаашилбал далайн эргийн амралтын газар бололтой том зочид буудал харагдана. Зун энд хүмүүс маш их ирдэг гэсэн, хавар ч бас ялгаагүй хүн ихтэй л байдаг юм байна.


Хүмүүс Камакура-г зорьдог бас нэг шалтгаан нь багахан хэмжээний явган аялал/hiking-н маршруттай холбоотой. Маршрут Хойд Камакура галт тэрэгний буудлын ойролцоогоос эхлээд 大仏/Daibutsu буюу бурхан багшийн том чулуун хөшөөтэй сүмийн ойролцоо дуусна. Ойролцоогоор 2 цагын курс болно, гэхдээ нилээд өөдөө уруугаа, мод ихтэй, модны том том үндэснүүд хаа сайгүй ил гарчихсан, аялалын гутал өмсөөгүй хүнд жаахан хэцүүхэн л юм билээ. Урьд өдөр нь бороо орсон байсан болохоор шавар ихтэй, өгсөж уруудаж мацахад хөл хальтраад хэцүүхэн байх бололтой. Уулнууд нь жижигхэн хэрнээ, их огцом, бас нэг онцлог нь маш өтгөн модтой. Нэг ойд орсон бол сэрүү татаад, чийг үнэртээд сайхан юм билээ. Тэрэн дунд айлын байшингууд байх нь жаахан шигүү л болохоос биш манай лагерүүдийг санагдуулна. За уул ус бол нэг тиймэрхүү.



Камакура маш олон сүмтэй, тэднийг бүгдийг үзнэ гэж мэдээж байхгүй. Аялалыг зохион байгуулагчид маань 2-3 газрыг сонгосон байсан нь бодвол хамгийн үзүүштэй
газрууд байх. Үүний дотор дээр дурдсан 八幡宮/Hachimangu, мөн 長谷寺/Hasedera хоёрыг заавал үзээрэй. Аль аль нь багагүй өндөрлөг газар байдаг болохоор орчин тойрон харагдаад зүгээр юм билээ. 八幡宮/Hachimangu дээрээс далайн зүг яваа гол замыг хараад амарч суухад, 長谷寺/Hasedera дээрээс далайн мандал, мөн surfing хийж яваа улсыг харахад бас нэг мэдрэмж төрөх нь дамжиггүй бизээ.

長谷寺/Hasedera-н гол сүмд байгаа босоо модон бурханы үүх түүхийг заавал сонирхоорой, надад маш их таалагдсан. Бас нэг дайраад гарахад гэмгүй газар бол 銭荒い弁財天/Zeniarai benzaiten сүм юм. Тэнд байх жижиг агуйгаас гарах булгын усаар угаасан мөнгө хоёр дахин үрждэг гэсэн домогтой юм билээ. Хүмүүс зоосон мөнгө, бас цаасан мөнгө 1000тын дэсвгэрт угааж харагдана лээ.


Аялалын эцсийн хэсэг нь Камакурагийн баяр байлаа. Камакурагийн баяраар морин дээрээс бай онох үзүүлбэр болдог юм билээ. Морин дэлэн дээр өссөн монгол хүмүүст бол гайхаад, сонирхоод байх зүйл болж чадахгүй л болвуу. Харин Камакура-д морь байнаа гэдэг чинь ойр хавьд нь морин тойруулга байдаг гэсэн үг, морь сонирхож байгаа хүнд бол тэр нь илүү сонин байж болох юм.

За эцэст нь Камакүра-д та юу хийж/үзэж болох вэ?
- далайн эрэг
- багахан хэмжээний явган аялал
- сүм дугана, түүний дотор Бурхан багшийн том чулуун хөшөө
- цагыг нь олж таарвал Камакурагийн баяр/Kamakura festival/鎌倉祭り